13 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
13.1.Монгол Улсын Засгийн газар тайван цагт дайчилгааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөөг хянан батлах;
13.1.2.төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгаврыг тогтоох;
13.1.3.төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, холбогдох албан тушаалтны илтгэл, мэдээллийг сонсох;
13.1.4.дайчилгааны нөөцийг бүрдүүлэх журам, тэдгээрийн хэмжээ, байршлыг тогтоох;
13.1.5.дайчилгаа зарласан үед үүрэг зориулалтыг нь өөрчлөн цэргийн зориулалтаар ашиглах байгууллага, аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг батлах;
13.1.6.үйлдвэр, аж ахуйн нэгжид ногдуулах улсын захиалга-даалгаврыг тогтоох;
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
13.1.7.баталгаат албан тушаалын жагсаалт батлах;
13.1.8.хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн өмчийг дайчилсан тохиолдолд нөхөх олговор төлөх журмыг тогтоох;
13.1.9.энэ хуулийн 4.4-т заасан улсын дайчилгааны бэлтгэлийг хангах үндсэн арга хэмжээг зохион байгуулах.
/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
13.2.Монгол Улсын Засгийн газар дайчилгаа зарласан үед дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.2.1.дайчилгаа зарласан тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
13.2.2.төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагад хэрэгжүүлж байгаа дайчилгааны арга хэмжээ нь хууль тогтоомж, дайчилгааны төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
13.2.3.улсын төсөвт зохицуулалт хийж, дайчилгааны арга хэмжээг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх санал боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.2.4.гадаад, дотоод худалдаанд онцгой байдал тогтоож, материаллаг хэрэглэлийн хуваарилалтын нормчлолыг батлах;
13.2.5.улсын нөөцийг захиран зарцуулах, цэргийн дайчилгааны нөөцийг захиран зарцуулах эрхийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгох.
13.3.Монгол Улсын Засгийн газар хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.