19 дугаар зүйл. Нөхөн төлбөр олгох

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Нөхөн төлбөр олгох

19.1.Даатгагч, жолоочийн даатгалын сан нь хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл даатгалын хохирол үнэлэгчийн дүгнэлт, тодорхойлолт, энэ хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно.

19.2.Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран даатгагч, жолоочийн даатгалын сан нь энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.

19.3.Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд энэ хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.

19.4.Даатгагч, жолоочийн даатгалын сан нь хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулахдаа хохирогчтой тохиролцсoны дагуу даатгалын үнэлгээнд багтаан эд хөрөнгийг засуулахаар тохиролцож болно.

19.5.Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоох хүртэл хохирогчийн хүсэлтийн дагуу нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгож болно.

19.6.Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоохоос өмнө хэд хэдэн хохирогчийн хүсэлтээр нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгохоор бол эхний удаад хохирогч бүрд ижил хэмжээгээр, хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсоны дараа хувь тэнцүүлэн олгоно.

19.7.Хэд хэдэн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан хэмжээнээс хэтэрсэн бол хохирогч бүрд олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.

19.8.Даатгагч, жолоочийн даатгалын сан нь хохирогчид олгосон нөхөн төлбөртэй холбоотой мэдээллийг сар бүр цагдаагийн байгууллагад ирүүлэх ба мэдээлэл ирүүлэх, түүнийг хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.9.Хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно.

19.10.Энэ хуулийн 5.1-д заасан даатгуулагчийн тээврийн хэрэгслийг мөн хуулийн 5.3-т заасан даатгуулагч жолоодож байх үед үүссэн даатгалын тохиолдол бүрд нөхөн төлбөрийг даатгуулагч тус бүрийн төлсөн даатгалын хураамжийн харьцаагаар даатгагч тус бүр хариуцан төлнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.