20 дугаар зүйл. Нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үндэслэл
20.1.Даатгагч нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:
20.1.1.хохирогчид хохирол учирсан нь даатгуулагчийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс;
20.1.2.даатгалын тохиолдол гарсан талаар энэ хуулийн 13.1, 13.2-т заасан этгээдэд мэдэгдээгүй бол даатгуулагч, жолоочоос;
20.1.3.даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн даатгуулагчаас;
20.1.4.даатгуулагч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагчаас;
20.1.5.хуульд заасан бусад тохиолдолд буруутай этгээдээс.
20.2. Жолоочийн даатгалын сан нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:
20.2.1.хохирогчид хохирол учирсан нь жолоочийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс;
20.2.2.даатгалгүй жолоочийн гэм буруугаас шалтгаалан хохирогчид хохирол учирсан гэдэг нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн жолоочоос;
20.2.3.даатгалын тохиолдол гаргаад зугтаасан жолоочийн учруулсан хохирлын хувьд тухайн жолоочоос;
20.2.4.даатгагч нь дампуурсан бол хуулийн дагуу эрх залгамжлан авсан этгээдээс;
20.2.5.хуульд заасан бусад үндэслэл.
ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНГИЙН БҮРДҮҮЛЭЛТ, ЗАРЦУУЛАЛТ