47 дугаар зүйл. Шинжээч, түүний эрх, үүрэг, шинжээчийн дүгнэлт

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

47 дугаар зүйл. Шинжээч, түүний эрх, үүрэг, шинжээчийн дүгнэлт

47.1.Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

47.2.Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

47.3.Шинжээч байгууллагаас томилогдсон бол тухайн байгууллагын нэрийн өмнөөс, бусад шинжээч өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж түүний үнэн зөвийг хариуцна.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

47.4.Шаардлагатай тохиолдолд шүүгч хэд хэдэн этгээдийг шинжээчээр томилж болох бөгөөд тэдгээр нь санал нэгтэй байвал нэг дүгнэлт гаргаж, гарын үсгээ зурна. Харин аль нэг шинжээч бусад шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байвал дүгнэлтээ тусад нь гаргаж болно.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

47.5.Дахин шинжээч томилох тохиолдолд өмнө нь уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахад оролцсон этгээд оролцохгүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэж болно.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан, энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

47.6.Шинжээч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, тавьсан асуултад үнэн зөв хариулах үүрэгтэй. Шинжээч санаатайгаар худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

47.7.Шинжээчид өгсөн материал дүгнэлт гаргахад хангалтгүй буюу шинжээч оногдсон үүргийг биелүүлэхэд шаардагдах мэдлэг эзэмшээгүй байвал дүгнэлт гаргахаас татгалзаж болно.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

47.8.Шинжээч шаардлагатай гэж үзвэл тухайн хэргийн материалтай танилцах, нэмэлт материал гаргаж өгөхийг шүүхэд хүсэх эрхтэй.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

47.9.Шинжээч дүгнэлтээ бичгээр гаргана. Дүгнэлтэд ямар шинжилгээ хийсэн, түүний үндсэн дээр гарсан дүгнэлт, шүүгчээс тавьсан асуултад өгсөн үндэслэл бүхий хариултыг тодорхой бичнэ.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

47.10.Шинжээч хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар шүүхээс асуулт тавигдаагүй ч гэсэн дүгнэлтдээ оруулах эрхтэй.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.