3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛ БА ГАЗРЫН КАДАСТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."кадастр" гэж газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг;

3.1.2."кадастрын зураглал" гэж геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг;

3.1.3."эдлэн газар" гэж Газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон газрыг;

3.1.4."нэгж талбар" (парсель) гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсгийг;

3.1.5."эргэлтийн цэг" гэж нэгж талбарыг хязгаарласан хилийн шугамын нугаралтыг газар дээр нь болон кадастрын зураг дээр тодорхойлсон цэгийг;

3.1.6."тодруулалт" гэж газрын зурагт үзүүлбэл зохих байгалийн болон хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон объектыг агаарын ба хиймэл дагуулын дүрс, зураглалын бусад мэдээлэл дээр таньж тодорхойлох, кадастрын зурагт илэрхийлэгдэх өгөгдлүүдийг тогтоох геодези, зураг зүйн үйл ажиллагааг;

3.1.7."кадастрын зураглалын мэдээллийн сан" гэж бүх төрлийн кадастрын зураг, орон зайн өгөгдлүүдийг цэгцлэн иж бүрдэл болгосон мэдээллүүд, тэдгээрийг боловсруулах, удирдах боломж бүхий техник хэрэгсэл ба программ хангамж бүхий мэдээллийн санг;

3.1.8."газрын кадастр" гэж газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагааг;

3.1.9."газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл" гэж газрын нэгдмэл сангийн тооллого, газрын чанарын болон эдийн засгийн үнэлгээний үр дүнг тусгасан мэдээллийн цогц үйл ажиллагааг;

3.1.10."газрын нэгдмэл сангийн тооллого" гэж газрын нэгдмэл сангийн үндсэн, дэлгэрэнгүй ангиллын газрын байршил, хил зааг, тоо, хэмжээг тодорхойлох цогц үйл ажиллагааг;

3.1.11."газрын чанарын үнэлгээ" гэж газрыг түүний төлөв байдал, чанарыг илэрхийлэх үзүүлэлтээр харьцуулан үнэлэх үйл ажиллагааг;

3.1.12."газрын эдийн засгийн үнэлгээ" гэж газрыг түүний чадавх, эдийн засгийн үр өгөөжийг илэрхийлэх үзүүлэлтээр харьцуулан үнэлэх үйл ажиллагааг;

3.1.13."газрын кадастрын судалгаа" гэж газрын кадастрыг эрхлэхэд шаардлагатай мэдээллийг шалган нотлох, бүрдүүлэх, судлах, үнэлэх зорилго бүхий үйл ажиллагааг;

3.1.14."газрын улсын бүртгэл" гэж тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг эзэмших, ашиглах эрх, түүний шилжилтийг бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагааг;

3.1.15."газрын мэдээллийн сан" гэж газрын нэгдмэл сангийн мэдээлэл, өгөгдөлд боловсруулалт хийх бололцоотой техник, технологид үндэслэсэн төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хэрэгцээг хангахуйц системчлэгдсэн өгөгдлүүдийн цогцыг.

3.1.16."нэгж талбарын дугаар" гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг газрын улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг.

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн./

КАДАСТРЫН ЗУРАГЛАЛЫН ХАРИЛЦАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.