4 дугаар зүйл. Кадастрын зураглалын ангилал
4.1.Кадастрын зураглалыг үл хөдлөх эд хөрөнгийн төрлөөс нь хамааруулан газрын, хот байгуулалтын, инженерийн шугаман байгууламжийн, геологи, уул уурхайн, бусад гэж ангилна.
4.2.Газрын кадастрын зураглалыг газрын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар ялгаж газар, хөрс, ус, ургамлын байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.
4.3.Хот байгуулалтын кадастрын зураглалыг газрын гадарга дээр болон доор орших зам талбайн, ногоон байгууламжийн, барилга байгууламжийн, газар дээрх болон доорх инженерийн шугам сүлжээний, гэр хорооллын, инженер геологийн, ус, ус сувгийн гэсэн дэд ангиллаар ялгаж хот байгуулалтын байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.
4.4.Инженерийн шугаман байгууламжийн кадастрын зураглалыг газрын гадарга дээр болон доор байгуулсан авто, төмөр замын, иргэний нислэгийн аэродромын, түлш, эрчим хүчний, харилцаа холбооны, усан хангамжийн байгууламж, услалтын системийн гэсэн дэд ангиллаар ялгаж дэд бүтцийн байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.
4.5.Геологи, уул уурхайн кадастрын зураглалыг геологи, эрэл хайгуулын, уурхайн, нөөцөд авсан талбайн гэсэн дэд ангиллаар ялгаж геологи, уул уурхайн байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.
4.6.Бусад ангиллын кадастрын зураглалыг холбогдох үзүүлэлтээс нь хамааруулан тус тусын дэд ангиллаар ялгаж тухайн ангилалд хамаарах байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ.
4.7.Кадастрын зураглалд орох өөрчлөлтийг тухай бүр нь хийж кадастрын зураглалын мэдээллийн санд жилд нэг удаа оруулна.