26 дугаар зүйл. Компанийг татан буулгах

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Компанийг татан буулгах

26.1.Компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр татан буулгана.

26.2.Шүүх компанийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана:

26.2.1.дампуурсан;

26.2.2.нэг ч гишүүн үлдээгүй;

26.2.3.хуульд заасан бусад үндэслэл.

26.3.Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр татан буугдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг татан буулгах комисс томилох, татан буулгах хугацаа, журам, зээлдүүлэгчдийн нэхэмжлэлийг барагдуулсны дараа компанид үлдэх эд хөрөнгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах журам зэргийг тусгасан татан буулгах төслийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.

26.4.Татан буулгах комиссыг томилсноор тухайн компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болж татан буулгах комисст шилжих бөгөөд уг комисс нь татан буугдаж байгаа компанийн нэрийн өмнөөс шүүх хуралд төлөөлөн оролцоно.

26.5.Татан буулгах комисс үүргээ гүйцэтгэх үедээ өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн компанид, эсхүл зээлдүүлэгчид хохирол учруулсан бол уг хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө.

26.6.Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 26.2-т заасан үндэслэлээр хувьцаат компанийг татан буулгах шийдвэр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.