27 дугаар зүйл. Компанийг татан буулгахад өр төлбөрийг барагдуулах журам
27.1.Компанийг татан буулгах үед түүний өр төлбөрийг барагдуулахдаа Иргэний хууль, энэ хууль болон бусад хуулийг дагаж мөрдөнө.
27.2.Татан буулгах комисс нь компанийг татан буулгах болон нэхэмжлэл гаргах журам, хугацааг нийтэд мэдээлэх бөгөөд нэхэмжлэл гаргах хугацаа нь татан буулгах тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас доошгүй, зургаан сараас дээшгүй байна.
27.3.Татан буулгах комисс нь компанийг татан буулгах, нэхэмжлэл гаргах журам, хугацааг зээлдүүлэгчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
27.4.Компанийг татан буулгах тухай шийдвэр гаргах үед тухайн компани нь ямар нэгэн өр төлбөргүй бол уг компанийг татан буулгах тухай мэдэгдлийг нийтэд мэдээлэхгүйгээр татан буулгаж болно.
27.5.Энэ хуулийн 27.4-т заасан тохиолдолд компанийн эд хөрөнгийг энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигчдэд хуваарилна.
27.6.Нэхэмжлэл гаргах хугацаа дууссанаар татан буулгах комисс нь татан буугдаж байгаа компанийн эд хөрөнгийн тухай мэдээ, зээлдүүлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх дүнг агуулсан татан буулгах балансыг гаргах бөгөөд түүнийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ батална.
27.7.Татан буулгах комисс нь нэхэмжлэлийг хэрхэн барагдуулах тухайгаа зээлдүүлэгчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд зээлдүүлэгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл татан буулгах балансыг батлахаас өмнө шүүхэд гомдол гаргаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
27.8.Хэрэв татан буугдаж байгаа компанийн мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэлийг барагдуулахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс нь компанийн бусад эд хөрөнгийг худалдана.
27.9.Энэ хуулийн 27.8-д заасны дагуу татан буугдаж байгаа компанийн эд хөрөнгийг худалдах нь энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцогдохоор бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дуудлага худалдаагаар худалдана.
27.10.Татан буулгах комисс нь татан буугдаж байгаа компанийн зээлдүүлэгчдийн өр төлбөрийг татан буулгах балансыг баталсан өдрөөс эхлэн тус балансын дагуу Иргэний хууль болон энэ хуульд заасан дарааллын дагуу барагдуулна.
27.11.Татан буулгах комисс нь өр төлбөрийг барагдуулсан тухай мэдэгдлийг компанийг татан буулгах шийдвэр гаргасан эрх бүхий этгээдэд явуулснаас хойш 30 хоногийн дотор эцсийн баланс гаргана.
27.12.Энэ хуулийн 27.11-д заасан эцсийн балансыг гаргаснаас хойш шүүх тусгайлан шийдвэрлээгүй бол аливаа нэхэмжлэлийг хүлээн авахгүй.