32 дугаар зүйл. Компанийн хувьцаа
32.1.Компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
32.2.Хувьцаа нь энгийн ба давуу эрхийн гэсэн төрөлтэй байна.
32.3.Компани нь энгийн хувьцааг заавал гаргах үүрэг хүлээх ба компани нь давуу эрхийн хувьцааг гаргаж болно.
32.4.Хувьцаа нь компанийн дүрмээр тогтоосон нэрлэсэн үнэтэй байх бөгөөд тухайн компанийн нэг төрлийн хувьцааны нэрлэсэн үнэ ижил байна.
32.5.Хувьцааг нэрлэсэн үнээс нь доогуур үнээр гаргахыг хориглоно.
32.6.Хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаа бүр саналын нэг эрхтэй байна.
32.7.Хувьцаа нь нэрийн үнэт цаас байх бөгөөд хувьцааны саналын эрх хуваагдахгүй.