34 дугаар зүйл. Компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эрх

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эрх

34.1.Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ:

34.1.1.хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх;

34.1.2.давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах;

34.1.3.компанийг татан буулгах үед энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх.

34.2.Хувьцаат компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 38 дугаар зүйл болон компанийн дүрэмд заасны дагуу компаниас нэмж гаргах хувьцаа, түүнд хамаарах үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.

34.3.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь хувьцаанд хамаарах бусад үнэт цаасыг энэ зүйлд заасан бусад журмын дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй.

34.4.Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох энгийн хувьцааны тоог хязгаарлаж болохгүй.

34.5.Цөмийн энергийн тухай хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд энгийн хувьцааг компанийн давуу эрхийн хувьцаа болон бусад үнэт цаасанд хөрвүүлж үл болно. /Энэ хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

34.6.Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хуулиар хязгаарлаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.