35 дугаар зүйл. Компанийн давуу эрхийн хувьцаа эзэмшигчийн эрх
35.1.Бүх төрлийн давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ:
35.1.1.эрх бүхий байгууллагаас тогтоосон давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг тэргүүн ээлжид авах;
35.1.2.энэ хууль, компанийн дүрэм болон тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт заасан асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох;
35.1.3.компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хуримтлагдсан ногдол ашиг болон өөрийн эзэмшлийн хувьцааны татан буулгалтын үнийг авах.
35.2.Компанийн дүрэм, эсхүл тухайн төрлийн давуу эрхийн хувьцаа гаргах тухай шийдвэрт дараах зүйлийг тусгана:
35.2.1.татан буулгах үед давуу эрхийн хувьцаа эзэмшигчид төлөх төлбөр, түүнийг төлөх журам, дэс дараалал;
35.2.2.хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох нөхцөл, давуу эрхийн нэг хувьцаанд ногдох саналын тоо;
35.2.3.давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаанд хөрвүүлэх бол түүний нөхцөл;
35.2.4.давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшилд байгаа давуу эрхийн хувьцаагаа компанид эргүүлэн худалдаж авахыг шаардах нөхцөл.
35.3.Компани нь давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг бүрэн төлсөн болон эргүүлэн худалдаж авах үүрэг бүхий давуу эрхийн хувьцааг худалдаж авсны дараа энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авах, түүнд ногдол ашиг төлөх эрхтэй болно.
35.4.Энэ хуулийн 47.З-т заасан нөхцөлд компани нь давуу эрхийн хувьцаанд ногдох ногдол ашгийг компанийн дүрэмд заасан хэмжээ болон хугацаанд төлнө.
35.5.Компанийг татан буулгах тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчид ногдох хөрөнгийг олгохоос өмнө дарааллын дагуу давуу эрхийн хувьцаа эзэмшигчид татан буулгалтын үнэ, төлөгдөөгүй ногдол ашгийг төлнө.
35.6.Давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд дараах тохиолдолд саналын эрхтэй оролцоно:
35.6.1.компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлахдаа түүний эрхийг хязгаарласан заалтыг оруулж байгаа бол;
35.6.2.компанийг өөрчлөн байгуулах явцад давуу эрхийн хувьцааг энгийн хувьцаа, бусад төрлийн үнэт цаас болон бусад хөрөнгөд хөрвүүлж байгаа бол.
35.7.Компанийн дүрэмд дээгүүр хувь тогтоогоогүй бол энэ хуулийн 35.6-д заасан асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ.
35.8.Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох хувьцаа эзэмшигчдийн хуралд давуу эрхтэй хувьцаа эзэмшигчийг дараах тохиолдолд саналын эрхтэй оролцуулахаар компанийн дүрэмд зааж болно:
35.8.1.энгийн хувьцаанд хөрвөх давуу эрхийн хувьцаа эзэмшигчид төлөөлөн удирдах зөвлөлд өөрийн төлөөлөгчийг оруулж болохоор компанийн дүрэмд заасан бол;
35.8.2.давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг хугацаанд нь төлөөгүй бол.
35.9.Компани нь давуу эрхийн хувьцаа гаргах тухай асуудлыг хувьцаа эзэмшигчийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй энгийн хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.