44 дугаар зүйл. Үнэт цаасны төлбөр

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Үнэт цаасны төлбөр

44.1.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол гаргасан үнэт цаасыг худалдан авч байгаа этгээд нь төлбөрөө мөнгө, үнэт цаас, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр хийж болно.

44.2.Компани үүсгэн байгуулах үед гаргасан хувьцааны төлбөрийг компанийг улсын бүртгэлд бүртгэхээс өмнө төлнө.

44.3.Нэмж гаргах үнэт цаасны төлбөрийг тухайн үнэт цаасыг худалдан авах үед бүрэн төлнө.

44.4.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол үнэт цаасны төлбөрийг дараах тохиолдолд мөнгөн бус хэлбэрээр хийж болно:

44.4.1.үүсгэн байгуулах үед үүсгэн байгуулагчид хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийхийг энэ хуулийн 13.3-т заасан үүсгэн байгуулах гэрээнд зөвшөөрсөн бол;

44.4.2.нэмж гаргаж байгаа үнэт цаасны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийж болохоор эрх бүхий байгууллагын шийдвэрт заасан бол.

44.5.Үүсгэн байгуулах үед хувьцааны төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийж байгаа бол түүний үнэлгээг үүсгэн байгуулах хурлаар санал нэгтэй батална.

44.6.Үнэт цаасыг нэмж гаргаж байгаа үед түүний төлбөрийг мөнгөн бус хэлбэрээр хийх үнэлгээг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ эцэслэн шийдвэрлэнэ.

44.7.Хувьцаат компанийн хувьд төлөөлөн удирдах зөвлөл нь үнэлгээний талаарх шийдвэрийг мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн гаргаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.