45 дугаар зүйл. Үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

45 дугаар зүйл. Үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл

45.1.Компани нь үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийг хөтөлж, үнэт цаасыг биет байдлаар гаргасан бол түүнийг хадгалах ажлыг зохион байгуулах үүрэгтэй.

45.2.Компани нь энэ хуулийн 45.1-д заасан үүргээ үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

45.3.Компанийн үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл нь тухайн үнэт цаас эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүний эзэмшлийн үнэт цаасны төрөл, тоо /хэмжээ/ болон шилжүүлсэн үнэт цаасны тоо /хэмжээ/, шилжүүлсэн болон шилжүүлэн авсан этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр зэргийг тусгасан байна.

45.4.Компанийн үнэт цаас эзэмшигч нь өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг болон эзэмшиж байгаа үнэт цаасны хэмжээ /тоо/-г үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл хөтлөх этгээдэд мэдээлэх, түүнчлэн эдгээрт орсон нэмэлт, өөрчлөлтийг тухай бүрд нь мэдэгдэх үүрэг хүлээнэ.

45.5.Энэ хуулийн 45.4-т заасны дагуу бүртгүүлснээр уг үнэт цаасыг эзэмшигчийн эрх үүснэ.

45.6.Хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 45.4-т заасны дагуу нэр, оршин суугаа газрын хаягийн өөрчлөлтөө тухай бүрд нь үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл хөтлөх эрх бүхий байгууллага, эсхүл компанид мэдэгдээгүйн улмаас тухайн хувьцаа эзэмшигчид энэ хууль, компанийн дүрэм болон Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон мэдээллийг хүргээгүйн хариуцлагыг компани хүлээхгүй.

45.7.Компанийн үнэт цаас эзэмшигчдийн бүртгэл хөтлөх этгээд нь бүртгүүлсэн этгээдийн шаардсанаар түүний үнэт цаас эзэмших эрхийг бүртгэлээс хуулбар хийх замаар баталгаажуулах үүрэгтэй бөгөөд уг хуулбар нь үнэт цааст хамаарахгүй.

45.8.Компани нь үнэт цаасыг биет бус хэлбэрээр гаргаж байгаа тохиолдолд уг үнэт цаас эзэмшигчийн эрхийг нотолсон баримт /сертификат/-ыг түүнд олгож болно.

НОГДОЛ АШИГ, КОМПАНИЙН ӨМЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.