46 дугаар зүйл. Ногдол ашиг хуваарилах
46.1.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана.
46.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан шийдвэрийн талаар хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй.
46.3.Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан өдрөөр, хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасан бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тодорхойлох бөгөөд энэ тухайгаа хувьцаа эзэмшигчид мэдэгдэнэ.
46.4.Нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилна.
46.5.Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
46.6.Төлөөлөн удирдах зөвлөл нь ногдол ашиг хуваарилахгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ тухай үндэслэлээ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд тайлагнах үүрэгтэй.
46.7.Ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилах бөгөөд компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болно.
46.8.Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна.
46.9.Давуу эрхийн хувьцаанд хуваарилах ногдол ашгийг тусгайлан байгуулсан сангаас олгож болно.
46.10.Компани нь ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрт заасан хугацаанд ногдол ашгийг хуваарилна.
46.11.Компани ногдол ашгаа энэ хуулийн 46.10-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр алданги төлөх бөгөөд үүнээс компанид учирсан хохирлыг тухайн компанийн гүйцэтгэх удирдлага нөхөн төлнө.
46.12.Энэ хуулийн 46.10-т заасан хугацаанд ногдол ашгаа аваагүй нь тухайн хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах эрхийг үгүйсгэх, эсхүл тухайн компани ногдол ашиг олгохгүй байх үндэслэл болохгүй.
46.13.Ногдол ашгаа аваагүй хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг түүнд төлөх өр болгон нягтлан бодох бүртгэлд хувьцаа эзэмшигчийн нэрээр тусгайлан бүртгэж хадгалах бөгөөд компани хувьцаа эзэмшигчийн анхны шаардлагаар ногдол ашгийг олгох үүрэгтэй.
46.14.Хувьцаат компанийн хувьд ногдол ашиг хуваарилахтай холбоотой харилцааг зохицуулсан журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална. /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
46.15.Төлөөлөн удирдах зөвлөл нь ногдол ашиг хуваарилалтын тайланг хувьцаа эзэмшигчдийн дараагийн хуралд заавал тайлагнана.
46.16.Хувьцаа эзэмшигч ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрөөс ногдол ашиг төлөх өдөр хүртэл хугацаанд өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлсэн бол ногдол ашиг авах эрх нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол уг хувьцааны хуучин эзэмшигчид үлдэнэ.