49 дугаар зүйл. Үнэт цаас эргүүлэн худалдаж авах
49.1.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компани нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн шийдвэрээр өөрийн гаргасан үнэт цаасыг эзэмшигчтэй нь тохиролцсоны үндсэн дээр худалдан авч болно.
49.2.Компани нь энгийн хувьцаанаас бусад үнэт цаасыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь худалдан авч болох бөгөөд харин энгийн хувьцааны хувьд тухайн жилд гүйлгээнд байсан нийт хувьцааны дунджийн 25 хувиас хэтэрч болохгүй.
49.3.Эргүүлэн худалдан авсан хувьцааг халаасны хувьцаа гэж тооцно.
49.4.Төлөөлөн удирдах зөвлөл нь өөрийн гаргасан үнэт цаасыг худалдан авах шийдвэртээ худалдан авах хувьцааны тоо, үнэ, төлбөр хийх хугацаа, ашиглах журам зэргийг зааж өгнө.
49.5.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компани нь үнэт цаас эргүүлэн худалдаж авахдаа худалдаж байгаа этгээдтэй тохиролцсоны дагуу түүний төлбөрийг бэлэн мөнгө, үнэт цаас буюу эд хөрөнгийн бусад хэлбэрээр хийж болно.
49.6.Компани өөрийн компанийн үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргах үед худалдан авахыг хориглоно.
49.7.Энэ хуулийн 49.6-д заасныг зөрчсөн бол хэлцэл хийх тухай шийдвэр гаргасан этгээд худалдан авсан үнэт цаасыг компанийн өмчлөлд шилжүүлнэ.
49.8.Энэ хуулийн 49.6-д заасныг зөрчсөн шийдвэр нь хамтын шийдвэр байсан бол хамтын хариуцлага хүлээнэ.
49.9.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол компани нь энгийн хувьцаагаа энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан журмын дагуу төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон зах зээлийн үнээр эргүүлэн худалдаж авна.
49.10.Компани өөрийн гаргасан энгийн хувьцааны таваас дээш хувийг худалдан авах шийдвэрийг дор дурдсанаас бусад тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ:
49.10.1.хэрэв компани нь энгийн хувьцаагаа худалдан авахдаа хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн авахаар шийдвэрлэсэн бол;
49.10.2.энэ хууль болон компанийн дүрэмд заасан хувьцаа эзэмшигчдийн давуу эрхийг хэрэгжүүлж байгаа бол;
49.10.3.хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр өөр нөхцөл тогтоосон бол.
49.11.Компани өөрийн гаргасан энгийн хувьцааг худалдан авахдаа түүнийг хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа энгийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн авахаар шийдвэрлэсэн бол худалдан авах хувьцааны тоо, худалдан авах үнэ, төлбөр хийх журам, хугацаа, худалдах саналыг хүлээн авах сүүлчийн өдөр зэргийг багтаасан мэдэгдлийг 30 хоногийн дотор бүх хувьцаа эзэмшигчид хүргүүлнэ.
49.12.Компанид худалдахаар санал болгож байгаа энгийн хувьцааны нийт тоо нь компанийн худалдан авахаар санал болгосон хувьцааны тооноос илүү байх тохиолдолд компани нь худалдахаар санал болгосон тоонд багтаан илүү хэмжээний хувьцааг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ -ийн шийдвэрээр худалдан авч болно.
49.13.Худалдан авах хувьцааны тоо нь энэ хуулийн 49.2-т заасан хэмжээнээс хэтэрч болохгүй бөгөөд энэ тохиолдолд хувьцаагаа хувьцаа эзэмшигч бүрийн худалдахаар санал болгож байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн худалдаж авна.
49.14.Хувьцаагаа эргүүлэн худалдаж авснаар өөрийн хөрөнгө нь тухайн үеийн балансад тусгагдсан нийт гаргасан хувьцааны нэрлэсэн үнийн дүн буюу хувь нийлүүлсэн хөрөнгөөс багассан тохиолдолд компани нь өөрийн энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг хориглоно.