50 дугаар зүйл. Компани өөрийн давуу эрхийн хувьцааг эргүүлэн худалдаж авах
50.1.Төлбөрийн чадвар хангалттай нөхцөлд компани нь эргүүлэн худалдаж авах үүрэг хүлээсэн давуу эрхийн хувьцааг бүгдийг нь, эсхүл зарим хэсгийг нь хугацаанаас нь өмнө эргүүлэн худалдаж авахаар санал гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмын дагуу тухайн үнэт цаасыг эзэмшигчид мэдэгдэнэ.
50.2.Компани эргүүлэн худалдаж авах үүрэг хүлээсэн үнэт цаасыг анх гаргах үед эргүүлэн худалдаж авах үнийг тогтоогоогүй бол тухайн үеийн зах зээлийн үнээр худалдан авна.
50.3.Эргүүлэн худалдаж авах үүрэг хүлээсэн хувьцааг худалдан авах хангалттай хөрөнгөгүй нөхцөлд компани нь шаардагдах хөрөнгөтэй болсноос хойш үнэт цаасыг эргүүлэн худалдаж авахаар тухайн эзэмшигчтэй тохиролцон хойшлуулж болно.
50.4.Энэ хуулийн 50.3-т заасны дагуу тохиролцоогүй бол компани энэ хуулийн 57.1-д заасан этгээдэд худалдаж авахыг санал болгоно.
50.5.Энэ хуулийн 50.1-д заасны дагуу давуу эрхийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авснаар өөрийн хөрөнгө нь тухайн үеийн компанийн дүрэмд заасан хувь нийлүүлсэн хөрөнгөөс бага болох тохиолдолд компани нь өөрийн энгийн хувьцааг эргүүлэн худалдан авч болохгүй.