52 дугаар зүйл. Компани өөрийн үнэт цаасыг эргүүлэн авах нөхцөл
52.1.Компани нь дор дурдсан нөхцөлд өөрийн гаргасан үнэт цаасыг худалдан авах буюу эргүүлэн авч болно:
52.1.1.компани нь үнэт цаасаа худалдан авах буюу эргүүлэн худалдан авмагц шууд төлбөрийн чадвартай байх;
52.1.2.компанийн сүүлийн балансад тусгагдсан өөрийн хөрөнгийн хэмжээ нь компанийн дүрэмд заасан хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгийн хэмжээ болон давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, татан буулгах үеийн үнэ зэргийн нийлбэрээс их байх.
52.2.Энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан эргүүлэн худалдаж авах үүрэг бүхий энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авсны дараа компани нь бусад энгийн хувьцаа болон түүнд хамаарах үнэт цаасыг худалдан авч болно.
52.3.Компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авснаар өөрийн хөрөнгө нь энэ хэлцлийг хийхийн өмнөх сүүлийн балансад тусгасан хэмжээнээс 25-аас дээш хувиар багассан тохиолдолд төлбөр хийсэн өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор зээлдүүлэгчид өөрийн хөрөнгийн үлдэгдлийн хэмжээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./