54 дугаар зүйл. Хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх журам
54.1.Энэ хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрх үүсгэсэн шийдвэр гарах тохиолдол бүрд компани нь энэ эрх, түүнийг хэрэгжүүлэх журмын талаар хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмын дагуу хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй.
54.2.Өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй хувьцаа эзэмшигч нь эргүүлж авах тухай шаардлагыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг болон эргүүлэн худалдаж авахыг шаардаж байгаа хувьцааны тоо, төрлийг заана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
54.3.Хувьцаа эзэмшигч нь энэ хуулийн 54.2-т заасны дагуу гаргасан шаардлагыг уг шаардах эрхийг үүсгэсэн шийдвэр гарснаас, эсхүл ийм эрх үүссэн тухай компаниас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэл авснаас хойш ажлын 30 өдрийн дотор компанид явуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
54.4.Хувьцаа эзэмшигч нь түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны 75 буюу түүнээс дээш хувийг худалдан авах, эсхүл хувьчлалын дүнд хувьцааны хяналтын багцыг худалдан авсан тохиолдолд бусад хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардаж болох талаар төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ уг хувьцааг худалдан авсан өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор хувьцаа эзэмшигчид мэдэгдэх үүрэгтэй.
54.5.Хувьцаа эзэмшигч энэ хуулийн 54.4-т заасан мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д өөрийн шаардлагаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр явуулна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
54.6.Компани нь энэ хуулийн 54.5-д заасны дагуу ирүүлсэн хувьцаа эзэмшигчийн шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор эргүүлэн худалдаж авах эрхийн тухай мэдээлсэн мэдэгдэлд дурдсан зах зээлийн үнээр хувьцааг худалдан авах, эсхүл хувьцаа эзэмшигчийн хувьцааг эргүүлэн худалдаж авахаас татгалзсан үндэслэлээ хувьцаа эзэмшигчид мэдэгдэнэ.
54.7.Компани энэ хуулийн 54.6-д заасны дагуу хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаас татгалзсан, эсхүл өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авахаар төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон зах зээлийн үнийг бодитой бус гэж үзвэл хувьцаа эзэмшигч нь энэ талаарх гомдлоо уг шийдвэр гарснаас хойш гурван сарын дотор шүүхэд гаргаж болно.