55 дугаар зүйл. Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тодорхойлох
55.1.Компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн /компанийн хувьцаа болон бусад үнэт цаасыг оролцуулан/ зах зээлийн үнэ гэж тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, түүнийг худалдах үүрэг хүлээгээгүй худалдагч болон эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийн талаар бүрэн мэдээлэлтэй, худалдан авах үүрэг хүлээгээгүй худалдан авагч хоёрын харилцан тохиролцсон үнийг хэлнэ.
55.2.Энэ хууль болон компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ тогтооно.
55.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн аль нэг гишүүн, эсхүл хэд хэдэн гишүүн, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн үнийг тогтоох шаардлагатай хэлцлийн нөгөө тал, эсхүл хэлцэлд зуучилж байгаа, уг хэлцлийн үр дүнд шууд болон шууд бусаар үүсэх орлогоос хувь хүртэж байгаа тохиолдолд зах зээлийн үнийг уг хэлцлийг байгуулах талаар сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
55.4.Энэ хуулийн 55.3-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд уг хэлцэлд оролцогч, зуучлагч талуудтай нэгдмэл сонирхолгүй, энэ хэлцлийн үр дүнд шууд болон шууд бусаар үүсэх орлогоос хувь хүртэхгүй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонирхлын зөрчилгүй этгээд гэж үзнэ.
55.5.Энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргах бол уг асуудлаар сонирхлын зөрчилтэй хувьцаа эзэмшигч санал хураалтад оролцох эрхгүй.
55.6.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ энэ хуулийн 55.2-т заасны дагуу эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоохдоо хараат бус үнэлгээний байгууллагын дүгнэлтийг ашиглаж болно.
55.7.Хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу хувьцаагаа эргүүлэн худалдаж авах тохиолдолд хувьцааны үнийг хараат бус үнэлгээний байгууллага, аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тодорхойлно.
55.8.Нийтэд худалдагдаж байгаа хувьцаа болон бусад үнэт цаасны зах зээлийн үнийг тогтоохдоо үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын болон бусад арилжааны албан ёсны мэдээнд тусгасан сүүлийн зургаан сарын жигнэсэн дундаж ханшийг харгалзана.
55.9.Компанийн хувьцаа болон бусад үнэт цаасны зах зээлийн үнийг тогтоохдоо хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, компанийн өөрийн хөрөнгө, ашиг зэргийн талаар бүрэн мэдээлэлтэй худалдан авагчийн санал болгосон боломжит үнэ болон бусад хүчин зүйлийг харгалзан үзнэ.
ХУВЬЦААНЫ ХЯНАЛТЫН БАГЦЫГ ХУДАЛДАН АВАХ