57 дугаар зүйл. Компанийн хувьцааг худалдан авахыг хувьцаа эзэмшигчид санал болгох
57.1.Хувьцаат компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
57.2.Энэ хуулийн 57.1-д заасан үүргийг хэрэгжүүлээгүй этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь уг саналыг гаргаж зохих журмын дагуу хэрэгжүүлэх хүртэл хугацаанд энэ хуулийн 62.1.9-62.1.16-д заасан асуудлаар саналын эрхгүй байна.
/Энэ хэсгийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
57.3.Энэ хуулийн 57.1-д заасны дагуу бусад хувьцаа эзэмшигчийн хувьцааг худалдан авах саналыг хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмын дагуу хувьцаа эзэмшигчид мэдэгдэнэ.
57.4.Хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 57.1-д заасан саналыг гаргах журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
57.5.Энэ хуулийн 57.1-д заасан саналд компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, түүний эзэмшилд байгаа хувьцааны тоо, худалдан авах үнийн санал болон саналыг хаах эцсийн хугацаа зэргийг тусгасан байна.
57.6.Компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан этгээд нь энэ хуулийн 57.1-д заасан саналыг гаргахдаа уг саналыг хаах хугацааг олон нийтэд саналаа зарласнаас хойш 30-аас доошгүй хоног байхаар тогтооно.
57.7.Хэрэв хувьчлалын дүнд компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсан бол энэ хуулийн 57.1-д заасан заалт үйлчлэхгүй бөгөөд компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авах асуудлыг энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.
57.8.Санхүүгийн зохицуулах хороо компанийн хувьцааны хяналтын багц эзэмшигч болохоо нотолсон мэдэгдлийг үндэслэн тухайн хяналтын багц эзэмшигчээс энэ хуулийн 57.1-д заасны дагуу санал гаргахыг шаардах үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/