65 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

65 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх

65.1.Энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ.

65.2.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх журам, хугацааг компанийн дүрмээр тогтоож болно.

65.3.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.

65.4.Хувьцаа эзэмшигчдийн хурлын зард компанийн оноосон нэр, байршил, хурал хийх өдөр, цаг, газар, хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр, хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам зэрэг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад мэдээллийг тусгасан байна.

65.5.Саналын хуудсаар санал урьдчилан авах тохиолдолд санал авах саналын хуудсыг хүлээн авах газар, сүүлчийн хугацааг тусгайлан мэдээлнэ.

65.6.Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах үед хувьцаа эзэмшигчид дараах баримт бичигтэй танилцах бололцоог олгоно:

65.6.1.компанийн санхүүгийн жилийн тайлан;

65.6.2.санхүүгийн жилийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт;

65.6.3.тайлангийн жилд хийгдсэн сонирхлын зөрчилтэй хэлцэл, түүнийг энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан журмын дагуу хийсэн эсэх тухай аудитын байгууллагын дүгнэлт;

65.6.4.компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн гишүүнд нэр дэвшсэн хүний тухай танилцуулга;

65.6.5.компанийн нэгдмэл сонирхолтой этгээд, түүний эзэмшлийн хувьцааны төрөл, тоо;

65.6.6.компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын зардал, цалин, урамшуулал;

65.6.7.хувьцаат компанийн хувьд бизнесийн үйл ажиллагааны тайлан;

65.6.8.хэлэлцэх асуудалтай холбогдсон хувьцаа эзэмшигчдийн зайлшгүй мэдэх шаардлагатай бусад мэдээлэл.

65.7.Компани нь хувьцаа эзэмшигчдийн хурал хийх тухай мэдэгдэл гаргасан өдрөөс эхлэн хувьцаа эзэмшигчийг энэ хуулийн 65.6-д заасан баримт бичигтэй танилцах боломжоор хангах үүрэгтэй.

65.8.Компани нь хувьцаа эзэмшигчдийг хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах байранд орох бололцоог хангах үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.