66 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах
66.1.Саналын эрх бүхий энгийн хувьцааны тав буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар болон төлөөлөн удирдах зөвлөл, тооллогын комиссын гишүүнд нэр дэвшүүлэх хүн /компанийн дүрэмд хурлаар хэлэлцэхээр заасан бол/-ий талаарх саналаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар өмнөх санхүүгийн жил дууссанаас хойш 60 хоногийн дотор төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлагад гаргаж болно.
66.2.Гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 66.1-д заасны дагуу ирүүлсэн саналыг төлөөлөн удирдах зөвлөлд ажлын гурван өдөрт багтаан хүргүүлнэ.
66.3.Энэ хуулийн 66.1-д заасан хувьцаа эзэмшигч саналаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд гаргаж байгаа санал, түүний үндэслэл, санал оруулж байгаа хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, түүний эзэмшлийн хувьцааны төрөл, тоог тусгана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
66.4.Энэ хуулийн 66.1-д заасан хувьцаа эзэмшигч төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын гишүүнд нэр дэвшүүлбэл нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр /хэрэв компанийн хувьцаа эзэмшигч бол түүний эзэмшлийн хувьцааны төрөл, тоо/, нэр дэвшүүлж байгаа хувьцаа эзэмшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, түүний эзэмшлийн хувьцааны төрөл, тоог тусгасан мэдэгдлийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд уг мэдэгдэлд нэр дэвшүүлж байгаа үндэслэлээ зааж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
66.5.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь энэ хуулийн 66.3-т заасны дагуу гаргасан саналыг дор дурдсанаас бусад тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад уг саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор багтаан оруулах үүрэг хүлээнэ:
66.5.1.санал гаргагч нь энэ хуулийн 66.1-д заасан шаардлагыг хангаагүй;
66.5.2.энэ хуулийн 66.3, 66.4-т заасан мэдээллийг бүрэн тусгаагүй.
66.6.Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь энэ хуулийн 66.3, 66.4-т заасны дагуу гаргасан саналыг ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан бол энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг шийдвэр гаргаснаас хойш ажлын гурван өдрийн дотор санал гаргасан хувьцаа эзэмшигчид хүргүүлнэ.
66.7.Энэ хуулийн 66.6-д заасан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар санал гаргагч шүүхэд гомдол гаргаж болно.
66.8.Төлөөлөн удирдах зөвлөл санал гаргагчийн зөвшөөрөлгүйгээр түүний саналыг өөрчлөх эрхгүй.
66.9.Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гарснаас хойш хурлын товд өөрчлөлт оруулахыг хориглоно.
66.10.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхдээ хараат бус гишүүн, ердийн гишүүний аль нь болохыг заах бөгөөд хараат бус гишүүнд нэр дэвшүүлж байгаа тохиолдолд энэ хуулиар тогтоосон шалгуурыг хангаж байгааг нотолсон байна.