67 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс
67.1.Хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гаргасан этгээд хурлын тооллогын комиссыг томилох бөгөөд уг комиссын үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхээр тогтоож болно.
67.2.Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалтай шууд холбоотой компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийг хурлын тооллогын комиссын гишүүнээр томилохыг хориглоно.
67.3.Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс дараах үүрэг хүлээнэ:
67.3.1.хурлын ирц /кворум/-ыг тогтоож, хурлын даргад мэдээлэх;
67.3.2.тухайн хурлын хэлэлцэх асуудал тус бүрээр оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох;
67.3.3.хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, санал өгөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарах асуудалд тайлбар өгөх;
67.3.4.санал өгөх журмыг тайлбарлах;
67.3.5.санал өгөх журам болон хувьцаа эзэмшигчдийн санал өгөх эрхийг хангах;
67.3.6.санал хураалтыг саналын хуудсаар явуулж байгаа тохиолдолд уг саналын хуудсыг тоолж, хүлээн авах;
67.3.7.санал хураалтын дүнгийн талаар тэмдэглэл хөтлөх;
67.3.8.санал тоолж, санал хураалтын дүнг нэгтгэж, дүнгийн тухай шийдвэр гарган тооллогын комиссын дарга гарын үсэг зурж, хуралд танилцуулах;
67.3.9.саналын хуудсыг компанийн архивт хадгалуулахаар шилжүүлэх.
67.4.Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комиссын дарга нь тооллогын үр дүнгийн үнэн зөвийг хариуцна.
67.5.Төлөөлөн удирдах зөвлөлөөс хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисст хурал хуралдуулахтай холбогдсон бусад үүргийг хариуцуулж болно.