68 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох журам
68.1.Хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн биеэр буюу Иргэний хуульд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр өөр этгээдээр төлөөлүүлэн оролцож болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
68.2.Энэ хуулийн 68.1-д заасны дагуу төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ тухайгаа хувьцаа эзэмшигчдийн хурал эхлэхээс өмнө төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэх бөгөөд түүний итгэмжлэл нь гагцхүү тухайн хуралд хүчинтэй байна.
68.3.Төлөөлөн удирдах зөвлөлөөс хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшлуулсан боловч тухайн хурлаар хэлэлцэхээр товлосон асуудлыг өөрчлөөгүй тохиолдолд энэ хуулийн 68.1-д заасан итгэмжлэл дараагийн хуралд хүчинтэй байна.
68.4.Саналын хуудсаар саналаа ирүүлсэн хувьцаа эзэмшигчийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсонд тооцно.
68.5.Хувьцаат компанийн хувьд бүртгэлийн өдрөөс хойш хувьцаагаа бусдад шилжүүлсэн этгээд шинэ эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох итгэмжлэл олгох, эсхүл шинэ эзэмшигчийн өгсөн зааврын дагуу санал өгч болно.
68.6.Компанийн нэгж хувьцааг хэд хэдэн этгээд дундаа хэсгээр өмчилж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал өгөх эрхийг дундаа хэсгээр өмчлөгчдийн харилцан тохиролцсоноор хэн нэг нь, эсхүл тэдний төлөөлөгч хэрэгжүүлнэ.
68.7.Энэ хуулийн 68.6-д заасны дагуу төлөөлөн оролцох эрхийг Иргэний хуульд заасны дагуу баталгаажуулсан байна.