69 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц /кворум/, хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болох

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

69 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц /кворум/, хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болох

69.1.Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно.

69.2.Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно.

69.3.Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

69.4.Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно.

69.5.Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хэлэлцэх хойшлогдсон хурал нь саналын эрхийн гуравны нэгээс доошгүй хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцсоноор хүчин төгөлдөр болно.

69.6.Энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурлыг ажлын 20 өдрийн дотор хуралдуулах бөгөөд уг хурал хуралдахаас ажлын долоогоос доошгүй өдрийн өмнө хувьцаа эзэмшигчдийн хурал болох газар, өдөр, цагийг дахин мэдээлнэ.

69.7.Хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хуралд бүртгэлийн өдрийг өөрчлөхгүй.

69.8.Энэ хуулийн 69.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзсэн хувьцаа эзэмшигчдийн хуралд ирүүлсэн саналыг хойшлогдсон хурлын ирц, санал хураалтын дүнд оруулан тооцно.

69.9.Хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал нь энэ хуулийн 69.6-д заасан хугацаанд хуралдаж чадаагүй бол шинээр хурал зарлах бөгөөд ирц /кворум/ -ийг энэ хуулийн 69.1-д зааснаар тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.