73 дугаар зүйл. Эчнээ санал хураалтаар компанийн хувьцаа эзэмшигчид шийдвэр гаргах
73.1.Хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хурал хуралдуулахгүйгээр хувьцаа эзэмшигчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлэж болох бөгөөд эчнээ санал хураалтыг саналын хуудсыг ашиглан явуулна.
73.2.Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг эчнээ санал хураалтаар орлуулахыг хориглоно.
73.3.Эчнээ санал хураалт явуулах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл гаргах бөгөөд уг шийдвэрт дараах зүйлийг тусгана:
73.3.1.эчнээ санал хураалтаар шийдвэрлэх асуудал;
73.3.2.саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр;
73.3.3.саналын хуудсыг хувьцаа эзэмшигчид хүргүүлэх хугацаа;
73.3.4.саналын хуудсыг хүлээн авах сүүлчийн өдөр;
73.3.5.саналын хуудасны агуулга болон загвар;
73.3.6.эчнээ санал хураалт явуулахтай холбогдуулан хувьцаа эзэмшигчид танилцуулах баримт бичгийн жагсаалт, тэдгээртэй танилцах газар.
73.4.Эчнээ санал хураалтад оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг энэ хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлно.
73.5.Эчнээ санал хураалтын саналын хуудсанд энэ хуулийн 71.4.1, 71.4.3-71.4.5-д заасан мэдээллийг тусгахын зэрэгцээ саналын хуудсыг хүлээн авах сүүлчийн өдрийг заасан байна.
73.6.Хувьцаат компанийн хувьд эчнээ санал хураалтын саналын хуудсыг эргүүлэн хүлээн авах сүүлчийн өдрөөс ажлын 30-аас доошгүй өдрийн өмнө хувьцаа эзэмшигчид тараана.
73.7.Нийт саналын эрхийн 50-аас дээш хувийг эзэмшигчид саналаа ирүүлснээр эчнээ санал хураалтыг хүчинтэйд тооцох бөгөөд саналаа ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор тухайн асуудлыг шийдвэрлэнэ.
73.8.Эчнээ санал хураалтаар ирүүлсэн саналыг тоолох, дүнг гаргах ажлыг энэ хуулийн 67 дугаар зүйлд заасан эрх, үүрэг бүхий тооллогын комисс зохион байгуулна.
73.9.Хурлын тооллогын комисс нь саналын хуудсыг хүлээн авсан сүүлчийн өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор эчнээ санал хураалтын дүнгийн тухай тайлан гаргаж, тооллогын комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж, төлөөлөн удирдах зөвлөлд хүлээлгэн өгнө.
73.10.Эчнээ санал хураалтын дүнгийн тухай тайланд дараах зүйлийг тусгана:
73.10.1.саналын хуудсыг хувьцаа эзэмшигчдэд тараасан өдөр;
73.10.2.эчнээ санал хураалтаар шийдвэрлэсэн асуудал;
73.10.3.санал ирүүлсэн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт, эзэмшиж байгаа хувьцааны тоо;
73.10.4.шийдвэрлэх асуудал бүрээр саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн өгсөн саналын нийт тоо;
73.10.5.эчнээ санал хураалтын дүн;
73.10.6.эчнээ санал хураалтаар гаргасан шийдвэр.
73.11.Хурлын тооллогын комиссын тайланг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрийг тайлан хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор хувьцаа эзэмшигчид мэдээлнэ.