74 дугаар зүйл. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл
74.1.Хувьцаа эзэмшигчдийн хурал дууссанаас хойш ажлын 15 өдрийн дотор хурлын тэмдэглэлийг гаргаж, хурлын дарга гарын үсэг зурах бөгөөд уг тэмдэглэлийн үнэн зөвийг хурлын дарга хариуцна.
74.2.Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд дараах мэдээллийг агуулсан байна:
74.2.1.хурал болсон газар, он, сар, өдөр, цаг;
74.2.2.хурлын даргын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
74.2.3.хурлаар хэлэлцсэн асуудал;
74.2.4.хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийн тоо, хурлын ирц;
74.2.5.саналын хуудас хэрэглэсэн бол уг саналын хуудасны загвар;
74.2.6.хурлаар шийдвэрлэсэн асуудал тус бүрээр зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн саналын тоо, гаргасан шийдвэрийн бүрэн томьёолол.
74.3.Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд алдаа гарсан нь уг хурлын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
74.4.Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын санал хураалтын дүн, гаргасан шийдвэрийг тухайн хурал дээр зарлан мэдэгдэнэ.
74.5.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын болон эчнээ санал хураалтаар гаргасан шийдвэрийг тухайн хурал дээр, эсхүл хурал дууссаны дараа санал хураалтын дүн, гаргасан хурлын шийдвэрийг хүргүүлэх замаар мэдэгдэнэ.
74.6.Компани болон хувьцаа эзэмшигч нь шаардлагатай гэж үзвэл хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлийн үнэн зөвийн баталгаа болгож тодорхой техник хэрэгсэл ашиглан бичлэг хийж болно.
74.7.Энэ хуулийн 74.6-д заасны дагуу хувьцаа эзэмшигч бичлэг хийсэн тохиолдолд түүний хувийг компани шаардан авч хадгална.