75 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөл
75.1.Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна.
75.2.Хувьцаат компани нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно.
75.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог компанийн дүрмээр тогтооно.
75.4.Хувьцаат компани болон төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй хувь нь хараат бус гишүүн байна.
75.5.Компанийн дүрэмд заасан бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөл хараат бус гишүүнтэй байж болно.
75.6.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас энэ хуулийн 75.4-т заасан тооны хараат бус гишүүнийг төлөөлөн удирдах зөвлөлд сонгож чадаагүй тохиолдолд тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцогдоно.
75.7.Энэ хуулийн 75.6-д заасан тохиолдолд компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдсанаас хойш ажлын таван өдөрт багтаан дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг тогтоож, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох асуудлыг дахин хэлэлцүүлнэ.
75.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болон төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.