76 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх
76.1.Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
76.1.1.компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоох;
76.1.2.хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах;
76.1.3.хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдөр болон хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахтай холбогдох бусад асуудлыг шийдвэрлэх;
76.1.4.компанийн зарласан хувьцааны төрөл болон тоонд багтаан хувьцаа гаргах;
76.1.5.компанийн дүрэмд заасан хувьцаанд хамаарах болон бусад үнэт цаас гаргах;
76.1.6.энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох;
76.1.7.өөрийн гаргасан хувьцаа, бусад үнэт цаасыг худалдан авах буюу эргүүлэн авах;
76.1.8.компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох;
76.1.9.компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох;
76.1.10.аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоох;
76.1.11.компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар дүгнэлт гаргаж, түүнийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж батлуулах;
/Энэ заалтад 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
76.1.12.компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийн хэмжээ, түүнийг төлөх журмыг тодорхойлох;
76.1.13.төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны болон компанийн засаглалын дотоод журмыг батлах;
76.1.14.компанийн салбар болон төлөөлөгчийн газар байгуулах;
76.1.15.компанийг өөрчлөн байгуулах талаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн төслийг бэлтгэх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
76.1.16.энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох;
76.1.17.энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт тодорхойлсон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох;
76.1.18.энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал.
76.2.Хувьцаат компанийн хувьд энэ хуулийн 76.1.6, 76.1.10, 76.1.17-д заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд заавал оролцож саналаа өгнө.