77 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох
77.1.Энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгоно.
77.2.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах өдрөөр дуусгавар болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг улируулан сонгож болно.
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
77.3.Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийг кумулятив аргаар сонгосон бол төлөөлөн удирдах зөвлөлийг зөвхөн бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг нь дуусгавар болгож болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь хувь хүн байна.
77.4.Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг санал хураах кумулятив аргаар сонгох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох саналыг тус тусад тоолно. Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
77.5.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол удаан хугацаагаар үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, эсхүл нас барсан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг орлох этгээдийг нөхөн сонгууль хүртэл төлөөлөн удирдах зөвлөл түр томилж болно.
77.6.Энэ хуулийн 77.5-д заасны дагуу томилогдсон этгээд нь хараат бус гишүүнд тавигдах шаардлагыг хангасан байх ба төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрхийг эдэлнэ.