92 дугаар зүйл. Сонирхлын зөрчилтэй хэлцэл, түүнийг хийх журам

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

92 дугаар зүйл. Сонирхлын зөрчилтэй хэлцэл, түүнийг хийх журам

92.1.Энэ хуулийн 89.1-д заасан этгээдийн өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх ба сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхийн саналаар гаргана.

92.2.Сонирхлын зөрчилтэй хэлцлээр худалдах, худалдан авах, захиран зарцуулах эд хөрөнгө, эд хөрөнгийн болон мөнгөөр үнэлж болох бусад эрхийн зах зээлийн үнэ, үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан журмын дагуу төлөөлөн удирдах зөвлөл тогтооно.

92.3.Хувьцаат компанийн хувьд дараах тохиолдолд сонирхлын зөрчилтэй хэлцэл /хоорондоо уялдаатай хэд хэдэн хэлцэл/ хийх, хараат болон охин компанид сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх буюу шаардах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцож байгаа сонирхлын зөрчилгүй хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор гаргана:

92.3.1.энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон хэлцлийн үнэ буюу эд хөрөнгө, эд хөрөнгийн болон мөнгөөр үнэлж болох бусад эрх, үйлчилгээний үнэ хөлс нь хэлцэл хийх тухай шийдвэр гаргах үеийн бүртгэлийн үнийн дүнгийн 25 хувиас их байх;

92.3.2.компанийн гаргах энгийн хувьцаа, энгийн хувьцаа худалдан авах эрхийн бичиг буюу энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаасны хэмжээ нь компанийн буюу түүний хараат хувьцаат компанийн урьд нь гаргасан энгийн хувьцааны үнийн дүнгийн 25 хувиас их байх;

92.3.3.төлөөлөн удирдах зөвлөлийн бүх гишүүн нь /хувьцаат компанийн хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бүх гишүүн/ хэлцэл хийх сонирхол бүхий этгээд байх.

92.4.Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах тухай төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлийн хэлцэл хийх талаар сонирхлын зөрчилгүй гишүүдийн олонхийн саналаар, хувьцаат компанийн хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийн олонхийн саналаар гаргана.

92.5.Хэлцэл хийх сонирхол бүхий этгээд, эсхүл түүний эцэг, эх, эхнэр, нөхөр, хүүхэд, ах, эгч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдээс зээл авах тухай сонирхлын зөрчилтэй хэлцлийг энэ хуулийн 92.3-т заасны дагуу батлуулах шаардлагагүй.

92.6.Энэ хуулийн 89 дүгээр зүйлд заасны дагуу хэлцэл хийх сонирхол бүхий этгээдээр тооцогдохоос өмнө компанийн буюу түүний хараат компанийн өдөр тутмын аж ахуйн үйл ажиллагааны явцад байгуулагдсан сонирхлын зөрчилтэй хэлцлийг хувьцаа эзэмшигчдийн дараагийн ээлжит хурал болох хүртэл энэ хуулийн 92.3-т заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулах шаардлагагүй.

92.7.Хувьцаа эзэмшигчдийн хурал хийх өдөр компанийн буюу түүний хараат компанийн өдөр тутмын аж ахуйн үйл ажиллагааны явцад хийсэн хэлцлийг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодорхойлох боломжгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал нь хийх хэлцлийн төрөл, хэлцэл хийх этгээд болон хэлцлийн үнийн дээд хэмжээг тусгаж бусад этгээдтэй хамтран компанийн буюу түүний хараат болон охин компанийн хэрэгжүүлэх аж ахуйн үйл ажиллагааг батлах шийдвэр гаргах бөгөөд энэ нөхцөлд энэ хуулийн 92.3-т заасан шаардлагыг хангасанд тооцно.

92.8.Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх тухай энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт тогтоосон журмыг тодорхой төрлийн хэлцэл хийхэд баримтлах тухай энэ хууль буюу компанийн дүрэмд заасан журмын хамт нэгэн зэрэг баримтална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.