93 дугаар зүйл. Сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулах журам зөрчсөний үр дагавар
93.1.Энэ хуулийн 89.1-д заасан этгээд нь энэ хуулийн 91, 92 дугаар зүйлийн шаардлага, журам зөрчсөний улмаас компани буюу түүний хараат болон охин компанид учруулсан хохирлын хэмжээгээр, эсхүл хэлцлийн үр дүнд авсан зүйлээс олсон ашгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ.
93.2.Энэ хуулийн 89.1-д заасан этгээдтэй байгуулсан хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.
93.3.Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн компанийн эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 85, 90 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
93.4.Энэ хуулийн 89.1-д заасан этгээд нь энэ хуулийн 91, 92 дугаар зүйлийн шаардлага, журам зөрчсөн, эсхүл компанитай хэлцэл байгуулсан хуулийн этгээдийн бүх хувьцааг уг этгээд дангаараа эзэмшдэг нөхцөлд компани нь учирсан хохирлыг тухайн хуулийн этгээдээр нөхөн төлүүлэх буюу энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
93.5.Компанийн энгийн хувьцаа эзэмшигч, эсхүл компани нь энэ хуулийн 89.1-д заасан этгээд, эсхүл уг этгээдийн дангаараа бүх хувьцааг эзэмшдэг хуулийн этгээдээр компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр итгэмжлэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
93.6.Энэ хуулийн 93.3-т зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан журам зөрчсөн бөгөөд уг зөрчлийн талаар энэ хэлцлийг байгуулсан этгээд мэдээгүй болон мэдэх боломжгүй байсан нөхцөлд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцохгүй.
КОМПАНИЙН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ