94 дугаар зүйл. Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих аудиторын хяналт

КОМПАНИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

94 дугаар зүйл. Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд тавих аудиторын хяналт

94.1.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компани санхүүгийн тайлангаа шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаандаа бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудитын байгууллагыг томилон ажиллуулж болно.

94.2.Хувьцаат компанийн дүрэмд аудитын байгууллагыг заавал ажиллуулахаар заана.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

94.3.Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн аудитын хороо /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээг батална.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

94.4.Энэ хуулийн 94.3-т заасан гэрээнд компанийн болон аудитын байгууллагын эрх, үүрэг, хариуцлага, аудиторт төлөх хөлсний хэмжээг заана.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

94.5.Санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийх аудитын байгууллагын шалгалт нь ээлжит ба ээлжит бус байна.

/Энэ хэсэгт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

94.6.Компанийн жилийн санхүүгийн тайланг баталгаажуулахын тулд ээлжит шалгалт хийнэ.

94.7.Ээлжит бус шалгалтыг төлөөлөн удирдах зөвлөл, түүний аудитийн хороо, эсхүл энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчийн шаардсанаар хэдийд ч хийж болно.

94.8.Аудитын байгууллагын ээлжит шалгалтын хөлсийг компани хариуцан төлөх бөгөөд ээлжит бус шалгалтын хөлсийг түүнийг захиалж, гэрээ байгуулсан хувьцаа эзэмшигч хариуцан төлнө.

94.9.Шалгалтын явцад компанийн эрх бүхий албан тушаалтан компанид хохирол учруулсан нь тогтоогдвол шалгалтын хөлсийг буруутай этгээд хариуцан төлнө.

94.10.Компанийн эрх бүхий албан тушаалтан аудиторын шаардлагаар компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны талаарх баримт бичгийг танилцуулах үүрэгтэй.

94.11.Энэ хуулийн 94.10-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтны буруугаас аудитын байгууллагын буюу аудиторын ажил зогссон хоногт оногдох ажлын хөлсийг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл гаргана.

94.12.Аудитор нь хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлбар өгөх үүрэгтэй оролцох эрхтэй.

94.13.Дор дурдсан этгээдийг компанийн аудитороор сонгон ажиллуулахыг хориглоно:

94.13.1.компанийн нэгдмэл сонирхолтой этгээд, компанийн эрх бүхий албан тушаалтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд, компанийн буюу нэгдмэл сонирхолтой компанийн хөлсний ажилтан, эрх бүхий албан тушаалтан бол;

94.13.2.компанийн болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийн гаргасан үнэт цаас, эсхүл компанийн болон түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдэд холбогдох бусад эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрх эзэмшдэг бол;

94.13.3.аудитын үйлчилгээ үзүүлэхээс бусад асуудлаар компанитай хэлцэл хийсэн этгээд бол.

94.14.Энэ хуулийн 94.13-т заасныг зөрчиж аудиторыг сонгосон бол түүний аудитын дүгнэлтийг хүчингүйд тооцно.

94.15.Аудитын байгууллагын гаргасан дүгнэлтийн шинж чанараас хамааруулан олгох хөлсний хэмжээ тогтоохыг хориглоно.

94.16.Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалт /баримтын шалгалт/-ын дүнг үндэслэн компанийн аудитор нь дараах мэдээллийг агуулсан дүгнэлт гаргана:

94.16.1.компанийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт үнэн зөв эсэх;

94.16.2.нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлан гаргалт зохих журмын дагуу хийгдсэн эсэх, зөрчил илэрвэл уг зөрчлийг тохиолдол тус бүрээр тодорхойлох;

94.16.3.шалгалтын хугацаанд хийгдсэн сонирхлын зөрчилтэй хэлцлийн жагсаалт, уг хэлцлийг энэ хуульд заасан журмын дагуу хийсэн эсэх тухай тодорхойлолт;

94.16.4.хувьцаат компанийн хувьд үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж, Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас тогтоосон бусад мэдээлэл;

94.16.5.компанийн дүрэм болон аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр тодорхойлсон бусад мэдээлэл.

94.17.Аудитын байгууллага нь өөрийн хийсэн аудитын дүгнэлтээс үүссэн хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.