11 дугаар зүйл. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаархи Засгийн газрын бүрэн эрх

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах талаархи Засгийн газрын бүрэн эрх

1.Байгаль, орчныг хамгаалах эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлж, энэ хүрээн дэх Засгийн газрын болон Засгийн газрын бус /олон нийтийн/ байгууллагын үйл ажиллагааг зохицуулна.

2.Байгалийн баялгийг судалж нөөцийн хэмжээ, эдийн засгийн нэгдсэн үнэлгээг тогтоох, хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, экологийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчны тэнцвэрт байдал болон үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжлийн шүтэлцээг хангах нэгдсэн арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлнэ.

3.Байгалийн тэнцвэрт байдлын хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгоно.

4.Гамшиг болон аюул, орчны ноцтой бохирдолтоос сэргийлэх, тэдгээрээс учирсан хор уршгийг арилгахад улс, олон нийтийн байгууллага, иргэдийн хүчийг нэгтгэн зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээ авна.

/Энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.Газар, түүний хэвлий, ус, ойн сан, агаар мандал, ургамал, амьтны аймгийг хамгаалах, зүй зохистой ашиглах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

6.Дархан цаазат газар болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горим, дурсгалт болон нөөц газрын хилийн зааг, хамгаалалтын горим тогтоож, биелэлтийг нь зохион байгуулна.

/Энэ хэсгийг 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.