12 дугаар зүйл. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх талаархи Засгийн газрын бүрэн эрх
1.Аппаратыг чадваржуулан хямдруулж боловсронгуй болгох шаардлагад нийцүүлэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, энэ талаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ.
2.Төрийн албаны ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
3.Захиргааны хяналт, удирдлагын хүрээн дэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулна.
4.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг тогтоон, тэдгээрийн орон тооны болон зардлын төсвийн хязгаарыг баталж, зохих шатны удирдах ажилтныг томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.Төрийн захиргааны төв байгууллагуудын хоорондын болон тэдгээр байгууллага, аймаг, нийслэлийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг нийтлэг зорилтод чиглүүлэн зохицуулна.
6.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох шаардлагатай арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлж, нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалтын болон аргачилсан туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авна.
7.Аймаг, нийслэлийн Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа байдлыг хянан шалгаж, тэдгээрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана. Шаардлагатай бол өөрийн тодорхой бүрэн эрхэд хамаарах тухайлсан асуудлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд шийдвэрлүүлэхээр аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлж болно.