13 дугаар зүйл. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах талаархи Засгийн газрын бүрэн эрх
1.Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон цэргийн бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
2.Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх арга хэмжээ авна.
3.Улсын хилийг хамгаалах ажлыг чиглүүлэн удирдана.
4.Үндэсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардагдах материаллаг нөөцийн санг бүрдүүлэх, нөхөн сэлбэх арга хэмжээ авна.
6.Төрийн болон албаны нууцыг хамгаалах ажлыг чиглүүлэн удирдана.
/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, онцгой ажиллагааг удирдан чиглүүлнэ.
/Энэ хэсгийг 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/