14 дугаар зүйл. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх талаархи Засгийн газрын бүрэн эрх
1.Хүний эрх, эрх чөлөө, жендэрийн эрх тэгш байдлыг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон шаардлагатай бусад баталгааг бүрдүүлэх, бэхжүүлэх арга хэмжээ авна.
/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
3.Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар Засгийн газрын бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтарч ажиллана.
/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
4.Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх ажлыг нэгтгэн удирдана.
5.Хүн амд үзүүлэх хууль зүй, засаг захиргааны үйлчилгээг зохион байгуулна.
6.Төрийн удирдлагын хүрээн дэх мэдээллийн албыг зохион байгуулж, хүн амыг үнэн зөв мэдээллээр хангах нөхцөл бүрдүүлнэ.
7.Нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.