29 дугаар зүйл. Засгийн газрын хуралдаан
1.Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ. Түүний дотор дор дурдсан асуудлыг хуралдаанаараа заавал хэлэлцэнэ:
1/хуулийн төсөл;
2/хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бусад шийдвэрийн төсөл;
3/Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл;
4/Засгийн газрын бодлогод өөрчлөлт оруулахаар өөрийн гишүүнээс ирүүлсэн санал /төсөл/;
5/Ерөнхий сайд дангаар шийдвэрлээгүй болон Засгийн газрын гишүүдээс эрхлэх асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрөөг шийдвэрлэх асуудал.
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
2.Засгийн газрын хуралдаанд бэлтгэх, асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ дараахь журмыг баримтална:
1/хуралдааныг Ерөнхий сайдын товлосноор хийнэ. Хэрэв Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь санал болговол хуралдааныг хийж болно;
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/
2/хуралдааныг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд нийт гишүүний гуравны хоёр нь оролцсоноор хүчинтэйд тооцно;
3/Засгийн газраас санаачлах хуулийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ.
/Энэ заалтыг 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
4/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хуулийн төслийн талаархи Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бэлтгэж, хуралдаанд хэлэлцүүлнэ.
/Энэ заалтыг 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
5/хэлэлцэх асуудлыг Засгийн газрын гишүүн эрх хэмжээний дотор санаачлах эрхтэй. Бусад байгууллага, албан тушаалтан, иргэд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухай саналаа Засгийн газрын холбогдох гишүүнээр уламжлан тавьж болно;
/Энэ заалтын зарим хэсгийг 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон, энэ заалтын дугаарт 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуулиар хасалт хийсэн/
6/хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино;
/Энэ заалтад 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтын дугаарт 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7/хариуцсан гишүүний зөвшөөрсөн төсөл, түүний үндэслэлийг Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр нийт гишүүнд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө гардуулсан байвал зохино;
/Энэ заалтын дугаарт 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хууль, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
8/асуудлыг Ерөнхий сайдаас тогтоосон дарааллын дагуу хэлэлцэнэ. Хэрэв хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төслийг Засгийн газрын гишүүд бүгд зөвшөөрч гарын үсгээ зурсан бол шийдвэрийг хуралдаанаар хэлэлцэхгүйгээр гаргаж болно.
/Энэ заалтын дугаарт 1997 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Засгийн газрын хуралдааны нарийвчилсан дэгийг энэ хуулийн дагуу Засгийн газар тогтооно.
4.Хуралдааныг Ерөнхий сайдын шийдвэрлэснээр нээлттэй буюу хаалттай явуулж болох бөгөөд хуулиар хамгаалсан нууцад хамаарахаас бусад шийдвэрийг олон нийтэд мэдээлнэ.