8 дугаар зүйл. Эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх талаархи Засгийн газрын бүрэн эрх
1.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон улсын төсвийг боловсруулахад Засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлсон төсвийн хүрээний мэдэгдлийг Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Улсын төсвийн төслийг Улсын Их Хурлаас баталсан урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
З.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, улсын төсвийн биелэлтийг хангах ажлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаар дамжуулан зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.Эдийн засгийн харилцааг аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийн сонирхолд нийцүүлэн зохицуулж, шударга өрсөлдөөнийг дэмжин дангаар ноёрхлыг хязгаарлах, эдийн засгийн тэнцвэрийг сайжруулах арга хэмжээ авна.
5.Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
6.Улсын хэмжээнд баримтлах шинжлэх ухаан-техник, технологийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
7.Үндэсний баялаг, төрийн өмчийг хамгаалах арга хэмжээ авч, хуулиар олгосон эрх хэмжээний дотор төрийн өмчийн эд хөрөнгийг захиран зарцуулна.