9 дугаар зүйл. Нийгмийн хөгжлийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хүн амын нийгмийн хамгаалалтын талаархи Засгийн газрын бүрэн эрх
1.Соёл, урлагийг өмчийн олон хэлбэрт түшиглэн хөгжүүлэх бодлого, түүний эдийн засаг, эрх зүйн баталгааг хангах арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлнэ.
2.Ард түмний оюуны өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, уламжлалт зан заншлыг дэмжин хөгжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
3.Бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
4.Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлнэ. Хууль тогтоомжид заасны дагуу хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажилд улс, олон нийтийн байгууллага, иргэдийн хүчийг нэгтгэн зохион байгуулна.
5.Хүн амын бодлого, түүний дотор хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын талаар төрөөс явуулах бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
6.Ажил эрхлэлт, мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн асуудлаар оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх, иргэдийн хөдөлмөр, ахуй, орон сууцны нөхцөлийг сайжруулах, хэрэглэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авна.
7.Гэр бүлийг бэхжүүлэх, нийгмийн халамж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, эх нялхас, тахир дутуу хүмүүс зэрэг нийгмийн эмзэг хэсгийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авна.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/