32 дугаар зүйл. Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах
32.1.Улсын дор дурдсан тусгай хэрэгцээг үндэслэн иргэний өмчийн газрыг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авч болно:
32.1.1.улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах;
32.1.2.шинжлэх ухаан, технологийн сорилт, туршилт болон байгаль орчин, цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбай байгуулах;
32.1.3.улсын чанартай зам, шугам сүлжээ, барилга байгууламж барих.
32.2.Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрийг Засгийн газар гаргана.
32.3.Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газрыг зайлшгүй солих, эргүүлэн авах болсон зориулалт, үндэслэлийг тодорхой заана.
32.4.Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага газар өмчлөгчтэй энэ тухай урьдчилан тохиролцсон байна.
32.5.Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахад газар өмчлөгч болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь асуудлыг урьдчилан тохиролцоно:
32.5.1.газрын үнэ;
32.5.2.тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ;
32.5.3.өмчлөгчөөс уг газарт зарцуулсан хөрөнгө, газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авснаас өмчлөгчид учрах хохирлын хэмжээ;
32.5.4.улсын тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ;
32.5.5.улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг сольж олгох газрын байршил, хэмжээ, төлөв байдал, чанар;
32.5.6.газрыг чөлөөлөх нөхцөл, хугацаа;
32.5.7.газрыг чөлөөлөхтэй холбогдон талуудын хүлээх үүрэг, хариуцлага;
32.5.8.нөхөх олговрын хэмжээ, түүнийг төлөх журам, хугацаа.
32.6.Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлэн авахад газар өмчлөгчид олгох нөхөх олговрыг улсын төсвөөс гаргана.
32.7.Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай асуудлыг энэ хуулийн 32.4, 32.5-д заасны дагуу тохиролцож чадаагүй бол маргааныг шүүх шийдвэрлэнэ.