33 дугаар зүйл. Газар өмчлөгч иргэний эрхийг хязгаарлах эрх /сервитут/

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Газар өмчлөгч иргэний эрхийг хязгаарлах эрх /сервитут/

33.1.Сум, дүүргийн Засаг дарга улсын болон тухайн нутаг дэвсгэрийн хүн амын нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэнд өмчлүүлсэн газарт дор дурдсан нийтийн сервитут тогтоож болно:

33.1.1.уг газраар дамжин өнгөрөх;

33.1.2.уг газарт газрын заагийн болон геодезийн байнгын цэг, тэмдэгт тавих;

33.1.3.намагжилтыг багасгах ажил гүйцэтгэх;

33.1.4.газар зохион байгуулалтын бусад арга хэмжээ хэрэгжүүлэх.

33.2.Нийтийн сервитут нь байнгын буюу түр байж болно.

33.3.Нийтийн сервитут нь газар өмчлөгч иргэнд аль болох бэрхшээл учруулахааргүй байна.

33.4.Өмчийн газарт нь нийтийн сервитут тогтоосноос газар өмчлөгч иргэн газраа ашиглах боломжгүй буюу ашиглахад хүндрэл бэрхшээлтэй болох тохиолдолд газар өмчлөгч иргэн нь уг газрыг худалдан авахыг, мөн түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх болон үг хүндрэл бэрхшээлтэй дүйцэхүйц хэмжээний хөлс төлөхийг нийтийн сервитут тогтоосон эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.

33.5.Өмчийн газарт нь нийтийн сервитут тогтоосноос болж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь энэ хуулийн 33.3, 33.4-т зааснаар хөндөгдсөн газар өмчлөгч иргэн шүүхээр өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулж болно.

33.6.Газар өмчлөгч иргэн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч бусад иргэний эрхийг хязгаарлах /хувийн сервитут/-тай холбогдсон харилцааг Иргэний хууль тогтоомжоор зохицуулна.

33.7.Иргэний газар өмчлөлтэй холбогдсон хувийн, нийтийн сервитутийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.8.Хувийн сервитут Иргэний хууль тогтоомжид заасан үндэслэлээр дуусгавар болно.

33.9.Нийтийн сервитут тогтоогдсон шаардлага хэрэгцээгүй болсон бол түүнийг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэрээр дуусгавар болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.