8 дугаар зүйл. Төрийн ордонд нэвтрэх
8.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас бусад хүмүүс Төрийн ордонд нэвтрэхдээ тогтоосон журмын дагуу шалгуулж орох үүрэгтэй. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.2.Төрийн ордонд байрладаг төрийн байгууллагын ажилтан эрх бүхий албан тушаалтнаас олгосон байнгын үнэмлэхээр Төрийн ордонд нэвтэрнэ.
8.3.Төрийн ордонд нэвтрэх бусад хүмүүс Төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгжээс олгосон байнгын буюу түр үнэмлэхээр түүнд заасан хаалгаар орж гарна. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8.4.Төрийн ордонд гадаад улсын төлөөлөгчдийг нэвтрүүлэх журмыг төрийн ёслолын асуудал хариуцсан байгууллага төрийн тусгай хамгаалалтын байгууллагатай хамтран тогтоож мөрдөнө. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
8.5.Албан ажлын шаардлагаар ажлын бус цагт Төрийн ордонд нэвтрэх журмыг ордны хамгаалалтын алба Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн зөвшөөрлийг үндэслэн тогтооно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.6.Улсын Их Хурлын Тамгын газар болон Төрийн ордны хамгаалалтыг хариуцсан нэгжээс тогтоосон журмын дагуу иргэдийг Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулж болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./