8 дугаар зүйл. Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт

1.Цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох хувьдаа Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхээ энэ зүйлд заасан маргаантай асуудлаар дүгнэлт гарган, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлыг дахин хянан үзэх замаар хэрэгжүүлнэ.

2.Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана:

1/Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх; /Энэ заалтад 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2/зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

3/Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

4/Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

5/ард нийтийн санал асуулгын талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;

6/Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх.

3.Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулна:

1/Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх;

2/Улсын Их Хурлын дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх;

3/Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх;

4/Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;

5/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэх.

6/Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэх.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулахдаа Цэц дүгнэлтийн үндэслэл, үр дагаврыг тайлбарлаж, үндэслэлтэй холбоотой асуултад хариулна.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

5.Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр нь Үндсэн хуульд нийцээгүй гэх Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаантай асуудлыг дахин хянан үзэж Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно.

6.Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.

/Энэ зүйлийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.