14 дугаар зүйл. Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэх үед түр саатуулах
14.1.Улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтаар өвчний шинж тэмдэг илэрсэн амьтан, шавьж илэрсэн ургамал, гэмтэж муудсан нь тогтоогдсон түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагч 21 хүртэл хоногийн хугацаагаар түр саатуулж, энэ тухай мэдэгдлийг хариуцагч иргэн, хуулийн этгээдэд гардуулан өгнө.
14.2.Түр саатуулах тухай мэдэгдэл хүлээн авсан иргэн, хуулийн этгээд хилийн боомт, гүний гаалийн хяналтын талбайд тусгайлан бэлтгэсэн хашаа, байр, агуулах, талбайд улсын байцаагчийн шийдвэрээр, түүний хяналтын дор амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгслээс буулгаж нарийвчилсан үзлэг хийлгэнэ.
14.3.Улсын байцаагч хорио цээрийн нарийвчилсан үзлэг хийж, шинжилгээний дээж аван холбогдох лабораторид хүргүүлнэ. Дээж хүлээн авсан лаборатори нь 14 хоногийн хугацаанд багтаан шинжилгээний хариуг гаргана.
14.4. Лабораторийн шинжилгээний хариу болон хорио цээрийн хугацаанд хийсэн ажиглалт, үзлэгийн дүнг үндэслэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг хилийн боомт, гүний гаалийн байгууллага шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.5.Лабораторийн шинжилгээнд орсон зүйлээс амьтны гоц халдварт өвчин оношлогдсон, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн бол амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийг тээвэрлэхэд хэрэглэсэн хашлага, тоног хэрэгсэл, өвс, тэжээлийн үлдэгдэл, дэвсгэр, сав, баглаа, боодол, чигжээсийг энэ хуулийн 15.2-т заасны дагуу устгана.
14.6.Энэ хуулийн 12.1.1-д заасан шаардлагыг хангаагүй амьтан ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тодорхой хугацаагаар түр саатуулж, экспортлогч улсын хорио цээрийн хяналтын байгууллагад мэдэгдэн, зөрчлийг арилгуулсаны үндсэн дээр дамжуулан өнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.