26 дугаар зүйл. Эрсдэлийн үнэлгээ хийх /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Эрсдэлийн үнэлгээ хийх /Энэ зүйлийн гарчигт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.1.Монгол Улсын хүн ам, амьтан, ургамлын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлээс урьдчилан сэргийлэх зорилгоор импортын эрсдэлийн үнэлгээ хийнэ. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

26.2.Эрсдэлийн үнэлгээгээр импортлож буй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнээс дараахь зүйлд учирч болох аюулыг тодорхойлно: /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.2.1. хүн ам, амьтан, ургамлын удмын сан, эрүүл мэндэд; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

26.2.2.улсын эдийн засагт;

26.2.3.хүрээлэн буй орчинд.

26.3.Эрсдэлийн үнэлгээг дор дурдсан үндэслэлээр хийнэ: /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.3.1.импортын уламжлалт харилцаагүй улс, бүс нутгаас анх удаа мал, амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн Монгол Улсад импортлох бол;

26.3.2.импортын уламжлалт харилцаатай боловч тухайн улсад амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн, хими, физикийн бохирдлын эрсдэл өссөн байж болзошгүй нөхцөлд Монгол Улсад импортлох бол;

26.3.3.хэд хэдэн улсын нутаг дээгүүр дамжуулан тээвэрлэх бол.

26.3.4.импортын мал нь монгол мал, тэдгээрээс гаралтай үүлдрийн малын удмын сан, генетик тогтолцоонд эрсдэл үүсгэж болзошгүй бол. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

26.4.Эрсдэлийн үнэлгээг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

26.5.Энэ хуулийн 26.4-т заасан эрсдэлийн үнэлгээ хийх журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.