5 дугаар зүйл. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх
5.1.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын /цаашид "хорио цээрийн хяналт, шалгалт" гэх/ талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.хорио цээрийн хяналт, шалгалтын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
5.1.2.гадаад улс, олон улсын байгууллагатай мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн талаар хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээр байгуулах;
5.1.3. амьтны гоц халдварт өвчин болон ургамлын хорио цээртэй хөнөөлт организм улсын хилээр нэвтрэн тархах эрсдэл үүссэн болон үүсч болзошгүй нөхцөл байдал бүрдсэн үед мал, амьтны эрүүл мэнд, ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, гаалийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хилийн боомтод хорио цээр тогтоох, тогтоосон хорио цээрийг цуцлах; /Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.1.4.энэ хуулийн 5.1.3-т заасан хорио цээр тогтоосон үед баримтлах нийтлэг журам /дэглэм/-ыг тогтоох;
5.1.5. ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл, малын бусад үржүүлгийн бүтээгдэхүүн, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудыг тогтоох;
/Энэ заалтад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.1.6.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт, шалгалт хийх журам, зааврыг батлах;
5.1.7.амьтан, ургамал түүхий эд, бүтээгдэхүүнд импортын гэрчилгээ олгох журмыг батлах; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.1.8.хилийн боомтод амьтан, ургамлын хорио цээрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
5.2.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн /цаашид "амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн" гэх/-д шинжилгээ, эмчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэл хийх үйлчилгээний хөлсний жишиг үнийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ импортоор оруулж ирсэн амьтан, ургамлыг хууль тогтоомжид заасны дагуу хорио цээрийн дэглэмд байлгах арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавина. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.4.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хорио цээрийн хяналт, шалгалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.4.1.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө эрсдэлийн үнэлгээ хийж, импортын мэдэгдэл олгох; //Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.4.2.хуульд өөрөөр заагаагүй бол гадаад орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын байгууллагатай амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох, хяналт, шалгалтын ажлыг уялдуулан хамтран ажиллах; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.4.3.шаардлагатай бол экспортлох эрх бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжид мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, хянан магадалгаа хийх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.4.4.энэ хуулийн 5.4.3-т заасан үзлэг, хянан магадалгаа хийх журмыг батлах. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
5.5.Хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэлийн түвшинг харгалзан импортын мэдэгдэл олгох амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалтыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./