8 дугаар зүйл. Онцгой албан татварыг ногдуулах, төсөвт төлөх
8.1.Энэ хуульд заасан импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрт гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулж, татварын орлогыг төрийн сангийн дансанд шилжүүлнэ.
8.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн спиртээс бусад бараанд ногдуулах онцгой албан татварыг татвар төлөгч сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан улсын төсөвт төлнө.
8.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд ногдуулах онцгой албан татварын тухайн сарын тайланг татвар төлөгч дараа сарын 5-ны өдрийн дотор татварын албанд тушаана.
8.4. Спиртийн үйлдвэрийн борлуулсан спиртэд ногдуулсан онцгой албан татварыг ажлын 2 хоногт багтаан улсын төсөвт төлнө.
8.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт хүнсний зориулалтаар үйлдвэрлэсэн спиртийг борлуулахад худалдан авагчид нэгдсэн дугаар бүхий баримт өгөх бөгөөд түүний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
8.6. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан архи, дарсанд онцгой албан татвар ногдуулахдаа уг согтууруулах ундаанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татварыг энэ хуулийн 8.5-д заасан баримтыг үндэслэн хасч тооцно.
8.7.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа уг тамхийг үйлдвэрлэхэд түүхий эдийн зориулалтаар импортолсон задгай тамхинд ногдуулсан онцгой албан татварыг хасч тооцно.
8.8. Энэ хуулийн 5.4-д заасан татвар ногдуулах биет нэгжийн төрөл, тоо хэмжээний өөрчлөлтийн сарын мэдээг татвар төлөгч дараа сарын 10-ны өдрийн дотор харьяа татварын албанд ирүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг татварын алба татвар төлөгчийн бүртгэлийн гэрчилгээнд тусгаж, шинээр суурилуулсан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тухайн сарын албан татварыг нөхөн ногдуулна. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.9. Энэ хуулийн 6.4, 6.5-д заасан үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа албан татвар төлөгч тухайн сард төлөх албан татварыг сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан төлж, тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор татварын албанд ирүүлнэ. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
8.10.Компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортлож байгаа автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.11.Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна.
/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.12.Энэ хуулийн 6.7-д заасан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/