24 дугаар зүйл. Зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн үйл ажиллагааг хянан шалгах /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.1.Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.2.Энэ хуулийн 24.1-д заасан хяналт шалгалтыг Хорооны даргын томилсон хянан шалгагч хэрэгжүүлнэ.
24.3.Хорооны хянан шалгагч улсын байцаагчийн эрхтэй байна.
24.4.Зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчсөн гэж Хороо үзвэл хэдийд ч шалгалт хийж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.5.Хорооны хянан шалгагч энэ хууль болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.1, 19.2, 19.3, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 37.1, 37.2 дахь заалт, Даатгалын тухай хуулийн 61, 62, 63, 64, 65, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 30, 31, 32, 33, 34 дүгээр зүйл, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан хяналт шалгалтыг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./