15 дугаар зүйл. Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийн эрх зүйн байдал
15.1.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж нь төрийн өмч мөн.
15.2.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг тогтоож, түүнд хувийн болон бусад өмчийн эд хөрөнгийг түрээсээр авч оруулах асуудлыг Мэдээллийн технологийн төвийн саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.3.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийг Мэдээллийн технологийн төвөөс зохих шатны сонгуулийн хороонд үнэ төлбөргүй эзэмшүүлэх гэрээний дагуу хүлээлгэн өгнө.
15.4.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамжийг шинэчлэх, тэдгээрийн зарим хэсгийг солих, нэмж оруулах, өөрчлөх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороотой зөвшилцсөний үндсэн дээр Мэдээллийн технологийн төв шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.5.Автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд орсон эд хөрөнгийн тоо бүртгэлийн журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
15.6.Сонгуулийн автоматжуулсан системийн программ хангамжийн зохиогчийн эрхтэй холбогдсон асуудлыг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.